Миний блогт бензин шахахыг хүсвэл доорх сурталчилгааны линкээр зочлоод гараарай ;)

Шведэд суралцах... 2008/01/09

Блогын маань Munhulu хэмээх зочин "hi .sweden ulsad suraltsah bolomjiin talaar tawiad uguuch .tetgelegt hamragdah bolon busad taliin olon medeelliig suulgawal iluu goy boloh bha" гэсэн мессеж үлдээжээ. Миний хувьд Шведийг Скандинавын хойг, хоккейгоор л төсөөлхөөс биш өөр илүүг мэдэхгүй нь.. Тийм болохоор бусдын хэлж ярьсаныг үг, үсэг өөрчлөлгүйгээр орууллаа:

Эх сурвалж: Банжиг мэдлэг
--------------------------------------------------
Гадаадад сурахыг хүсэгчидэд

Манай залуучууд их, дээд сургууль нь үнэ төлбөргүй сургадаг гэдэг утгаар нь Герман улсыг зорих гэж ихээр тэмүүлдэг билээ. Гэтэл Германаас гадна Швед улсын их, дээд сургуулиудын оюутнууд үнэ төлбөргүй сурдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. ЯАГААД ШВЕД ГЭЖ Хамгийн их шинэчлэгдэж байгаа улс Швед бол дэлхийн хамгийн аюулгүй бөгөөд орчин үеийн, шинэчлэгдэж байгаа орнуудын нэг юм. Та бүхэн Шведийн Volүo, Ikea, Ericsson, H&M, Oriflame болон Saab зэрэг нэр хүндтэй компаниудаас гадна соёлынх нь илэрхийлэл, нүүр царай нь болдог алдарт ABBA, The Cardigans, Astrid Lindgern зэргийг сайтар мэдэх буйзаа. Стандарт өндөр Швед бол 15-р зуунаас хойш боловсрог­дож ирсэн өөрийн гэсэн онцлогтой сур­гал­тын түүх, их дээд сургуулиуд, эрдэм шин­жил­гээний баялаг уурхайтай улс. Мөн танд Шведийг дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагналын эх орон гэдгийг нь сануулахад таатай байна.

Өнөөдөр Шведийн үйлдвэрэл, үйлчилгээ нь энэхүү урт хугацааны турш хөгжиж ирсэн шинжлэх ухаан, боловсролынхоо хөгжилтэй ихэд уялдаатай хөгжиж байгаа юм. Их дээд сургуулиуд нь судалгаа шинжилгээний ажил, бие даасан сэтгэлгээгээрээ алдартай. Сургалтын хөтөлбөрүүд нь Европтоо нэлээд толгой цохиж, өрсөлдөхүйц болж байгаа. Мөн та тус улсыг нийгмийн хамгаа­лал, аюулгүй байдал маш өндөр түвшинд хөгж­сөн амгалан тайван, амьдралын стан­дарт хамгийн өндөрт байдаг орнуудын нэг гэдгээр нь мэдэх буйзаа. Сонголт арвин Шведийн их дээд сургуулиуд нь хүний эрхээс эхлүүлээд инженер, байгаль экологи, хууль, нийгмийн бодлого, эдийн засаг гэх мэт 200 гаруй мастерын хөтөлбөрийг Англи хэл дээр сургалт явуулж байна. Сургуулиуд нь хувь хүний бие даасан, хараат бус сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээ, нээлттэй байдал, найрсаг харилцааг ихээхэн үнэлэн хөгжүүлж байгаа орон. Гадаад оюутнуудад нээлттэй Нийт 80 гаруй орны 26000 орчим гадаад оюутнууд суралцдаг. Шведийн боловсролын хөгжлийн бодлого нь аль болох олон соёл, олон зан заншил сүлэлдсэн, нээлттэй, соёлыг дэмжиж байгаа юм. Өрсөлдөөн маш их бөгөөд шударга өрсөлдөөнийг дэмждэг. Тиймээс үнэхээр чадвартай, ирээдүйтэй залуучуудыг өндөр шалгуураар сонгож сургуульдаа өөрийн оюутнуудын адил нөхцлөөр сургадаг. Боловсрол нь үнэ төлбөргүй Хамгийн гол нь Шведэд их дээд сургуульд суралцах төлбөрийг нь ямар үндэстэн, улсын иргэншилээс нь үл хамааран Засгийн газраас санхүүжүүлдэг юм. Шведийн нийгмийн салбарт зарцуулдаг мөнгө нь Европтоо нэлээд өндөрт ордог буюу ДНБ-ийх нь 4.9 хувийг эзэлдэг. Мөн гадаад оюутнууд ажил хийх эрхтэй байдаг. Бүх хүн англиар ярьдаг Бараг бүх Швед хүн англиар чөлөөтэй харьцаж чадна. Маш олон компаниуд англи хэлийг албан харилцаандаа өдөр тутам ашигладаг. Тиймээс гадаад оюутанд бэрхшээл бараг байхгүй бөгөөд маш хурдан дасан зохицох боломжтой.

БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО Шведэд нийт 40 орчим магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиуд байдаг бөгөөд эд бүгд өөрийн гэсэн сургалтын хөтөлбөрүүдтэй. Та эдгээр сургуулиудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг сайтуудаас нь авч болно. Ерөнхий мэдээллийг www.si.se болон www.studyinsweden.se сайтуудаас авч, эдгээрээс сургууль тус бүрийн мэдээллийг олж болно. Ер нь Шведэд бакалавр, магистр, доктор зэрэг аль ч түвшинд суралцах боломжтой. Та сургуулиудын сайттай танилцаж, ямар сургууль нь ямар шаардлага тавьж буйг сайтар судлаад тухайн сургуульдаа хандан материалаа илгээх хэрэгтэй болно. Хэрэв та тухайн сургуулийнхаа тавьж буй шаардлагыг хангах юм бол Шведэд үнэ төлбөргүйгээр сурч болно гэсэн үг. Сургуулиудынх нь нийтлэг тавьдаг шаардлага нь ерөнхийдөө АНУ, Англи, Австралийн сургуулиудтай адил. Vүнд, бид өмнөх дугаарууддаа цувралаар хүргэж ирсэн эссе, англи хэлний шалгалтын оноо, өмнөх төгссөн сургуулийн диплом, тодорхойлолт захидлууд, CV гэх мэт байна. Мөн судалгааны ажлын чиглэл, төлөвлөгөө хэрэгтэй. Та эдгээрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай сэтгүүлийн 18-21-р дугааруудаас уншаарай. Мөн Шведэд суралцах хугацааны зардлаа даах чадвараа харуулсан санхүүгийн баталгаа байх ёстой. 10 сарын туршид, сарын 6300 швед крон (1000 швед крон = 130 орчим ам.доллар) зарцуулах санхүүгийн чадвартай гэдгээ харуулна гэсэн үг. Хэрэв та англи хэлнээс гадна швед хэл мэддэг бол бүр сайн. Учир нь зарим сургуулийн зарим хөтөлбөрүүд нь швед хэлээр явагддаг. Харин швед хэл сурах хүсэлтэй бол сургуулийнхаа хэлний бэлтгэлд суралцаад үндсэн хичээлдээ орж болно.

Боловсролын тогтолцоо нь барууны орнуудынхтай адил буюу намрын, хаврын улирал гэж хоёр ангилагддаг. Намрын улирлын хичээл 9-р сарын 1-нд эхлэж, хаврынх нь 1-р сарын дундуур эхэлдэг. Суралцах өргөдөл, бусад материалаа хичээл эхлэхээс 6-8 сарын өмнө ихэвчлэн илгээсэн байх ёстой. Материал хүлээн авах эцсийн өдөр нь тухайн жил бүрт өөр байдаг ч ерөнхийдөө 6-8 сарын өмнө зарлагддаг. АМЬДРАЛ Та Шведэд 3 сараас дээш хугацаагаар оршин суух бол зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Vүний тулд та аль нэгэн их дээд сургуулийн үндсэн бөгөөд бүтэн цагаар суралцдаг оюутан байх ёстой. Сургуулиасаа урилгаа авсан бол та Шведэд хүрэлцэн ирэхээсээ нэг сарын өмнө гадаадын харьяат, цагаачлалын албанд оршин суух өргөдлөө өгч, зөвшөөрөл авах учиртай. Харин нэгэнт оюутан болвол та ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр ажил хийх эрхтэй болно. Энэ бол Шведэд сурахын бас нэгэн давуу тал юм. Та хэрхэн оршин суух зөвшөөрөл авах, ямар шаардлага тавигддаг зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дээр интернэт дэхь дээр дурьдсан хаягуудаар орж үзээрэй. Танд хэрэгтэй мэдээллүүд энд бий. Бид энэ дугаараараа танд Швед улсад сурахын давуу тал, ерөнхий нөхцлийн талаар мэдээлэл хүргэлээ. Харин ямар сургуулийн ямар хөтөлбөрт сурах, ямар шаардлага тавигддаг, хэзээ өргөдлөө өгөх, ямар материал бүрдүүлэх зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг интернэтээс олж аваарай. Танд амжилт хүсье.

---------------------------------------------
ТӨЛБӨРГҮЙ БОЛОВСРОЛ: Скандинавын Орнуудад Суралцах

Ихэнх Европын орнууд боловсролын салбартаа дунджаар ДНБ-ийхээ 5 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг зарцуулдаг бол Скандинавын орнууд үүнээс бараг хоёр дахин их буюу 10 орчим хувийг зарцуулдаг. Скандинавын орнууд гэдэгт та бидний сайн мэдэх Швед, Норвег, Финлянд, Дани зэрэг орнууд багтдаг билээ. Эдгээр орнуудын ихэнх сургуулиуд нь улсын мэдэлд байдаг буюу төсвөөс санхүүждэг, мөн зарим нэгэн хувийн сургууль байх ч мөн л улсаас татаас авдаг учраас их, дээд сургуулиудын төлбөр нь үндсэндээ ҮНЭГҮЙ байдаг. Гадаад оюутнуудад ч гэсэн.

Гадаад оюутнууд зөвхөн сургуульд бүртгүүлэх, элсэх, дотуур байранд амьдрах, хооллох зардлаа л даах учиртай.

Эдгээр орнуудын их, дээд сургуулиудын нэг онцлог бол зүгээр нэг боловсролын байгууллага гэхээсээ илүүтэй эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Заримыг нь музей, лаборатори гээд хэлчихсэн ч болно. Учир нь эдгээр орнууд R&D буюу судалгаа, хөгжлийн зардалдаа ихээхэн мөнгө хаяж, хамгийн сүүлийн үеийн, шинэ технологиудыг нэвтрүүлэхдээ гар татдаггүй.

Сүүлийн жилүүдэд маш олон хичээл, хөтөлбөрүүдийг англи хэл дээр явуулж, жил ирэх тутам тоог нь нэмэгдүүлж байгаа учир дэлхийд болон Европтоо гадаад оюутнуудыг татах ширүүн өрсөлдөөнд ихээхэн амжилт олж, боловсролоо экспортолдог орнуудын тоонд ороод байгаа юм.

Онцлог
Их, дээд сургуулиуд нь улсаас татаас авдаг хэрнээ менежментийн бодлогоо бие даан хэрэгжүүлдэг. Ихэнх сургуулиуд нь дэргэдээ маш том судалгааны хүрээлэн, лабораторитай байх бөгөөд дэлхийд алдартай томоохон компаниудтайгаа маш нягт хамтран ажиллаж, судалгаа шинжилгээний үр дүнгүүдийг амьдрал дээр шууд ашигладаг учраас байгалийн ухаан, шинжлэх ухааны чиглэлээр сурах сонирхолтой залуучуудад сайхан боломж болно. Тухайлбал та бидний сайн мэдэх Нокиа компани Финляндынх, гоо сайхны бүтээгдэхүүний Орифлейм, автомашины Волво, цахилгаан хэрэгслийн Икеа, гар утасны Эрикссон компаниуд Шведийнх, том хөлөг онгоц үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Норвегийн компаниуд, нефтьхими болон машины эд анги, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дагнасан Данийн компаниуд дэлхийд танигдсан байдаг. Ерөнхийдөө боловсролын салбар нь маш олон жилийн түүхтэй. Тэртээ 1400 орчим оны үеэс дээд боловсролын салбараа хөгжүүлсээр ирсэн.

Зөвхөн сургуулиудаасаа гадна өндөр уулс нь үзэсгэлэнтэй, өвлийн аялал жуулчлал, спорт ихээхэн хөгжсөн, цанаар гулгах, мөсөн дээр загасчлах, ууланд авирах, гулгах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан орчин нөхцөлтэй.
Гэхдээ мэдээж улс бүрийн онцлог бий. Эдгээрийн талаар бид дараа дараагийн дугаартаа дэлгэрэнгүй хүргэх болно.

НОРВЕГ
Сургалтын тоног төхөөрөмж, техникээр маш сайн хангагдсан. Судалгаа хийх зорилготой оюутнуудад маш сайхан боломж гэсэн үг. Мөн чийглэг дулаан уур амьсгал, үзэсгэлэнт байгаль, байгалийн арвин нөөц баялаг ихтэй, ер нь амьдарч суралцахад тун аятайхан. Биотехнологи өндөр түвшинд хөгжсөн, далай тэнгистэй холбоотойгоор загас агнуур, усан онгоцны жолоодлого, хөлөг онгоцны үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн учир аливаа судалгаа шинжилгээг хөхиүлэн дэмждэг. Одоогоор тус улсад хамгийн их “моод”-нд ороод байгаа, эрэлт ихтэй мэргэжил бол анагаах ухаан, эрх зүй, эдийн засаг, инженерийн шинжлэх ухаан зэрэг болно. Зургаан их, дээд сургууль, 25 коллеж, 2 академи, 2 хувийн дээд сургуультай. Ихэнх хичээл нь норвег хэл дээр явагддаг. Гэхдээ гадаад оюутнууд эхний жилдээ хэлний бэлтгэлд суугаад хэлийг нь сурах боломжтой. Зочид буудал, аялал жуулчлалын менежментээр Осло дахь BI Norwegian School of Management, Берген дахь Norwegian School of Economics and Business Administration, Norwegian School of Hotel Management, Norsk Reiselivsskole (Norwegian Travel and Tourism Academy) болон Norwegian Business School of Trade and Retail Management (NBS) зэрэг сургуулиуд илүү сайн. Сайхан мэдээ дуулгахад, улсын сургуулиудад нь сурахад үнэ төлбөргүй. Гэхдээ хоол, байрны мөнгөө өөрөө төлнө. Эдгээр зардал нь нийлээд жилд бараг 10 мянган доллар болчихдог. Учир нь Норвег бол дэлхийн хамгийн өртөг өндөртэй улсуудын нэгд ордог. Гэхдээ оюутнууд хуулийн хүрээнд ажиллах эрхтэй учир зуны амралт, хичээлээс гадуур хийсэн ажлын цалингаараа энэ зэргийн зардлаа нөхөх бүрэн боломжтой.

ДАНИ
Дани улс эмийн үйлдвэрлэл, компьютер, автомашин үйлдвэрлэл, худалдааны удирдлага, эрх зүйгээр сайн мэргэжилтэн бэлтгэдэгээрээ алдартай. Хамгийн алдартай бөгөөд эртний сургууль нь бүр 1479 онд байгуулагдсан Копенгагены их сургууль. Энэ сургуулийн хууль эрх зүй, сэтгэл судлал, сэтгүүл зүйн хөтөлбөрүүд нь Европт ихээхэн алдартай. Мөн Ольборг, Орхус, Оденс, Роскиллын болон Эзэн хааны нэрэмжит хөдөө аж ахуйн их сургууль, техникийн их сургууль, инженерийн академи, Копенгагены бизнесийн удирдлагын сургуулиуд нь сургалт сайтайд тооцогддог. Сүүлийн жилүүдэд англи хэл дээр явуулдаг хөтөлбөрүүдийнхээ тоог эрс нэмж байгаа. Төлбөр нь бүрэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ биш. Засгийн газраасаа татаас авдаг ч гэлээ тодорхой хэмжээний төлбөрийг оюутнууд өөрсдөө төлөх ёстой байдаг. Гэхдээ гадаад оюутнуудыг ихээхэн дэмждэг учраас тэтгэлэг олдох боломж маш өндөртэй. Тухайлбал, 2006 оноос эхлэн Европын холбооны орнуудын оюутнуудыг үнэ төлбөргүйгээр сургах шийдвэр гаргасан.

ШВЕД
Шведийн сургуулиудын нэг онцлог бол аж үйлдвэржилттэйгээ маш нягт уялдаа холбоотой хөгждөг. Сургуулиуд нь хууль эрх зүйгээс авахуулаад машин үйлдвэрлэл хүртэл 200 гаруй магистрын хөтөлбөрийг санал болгодог. Гадаад оюутнууд нь нийт оюутнуудын 7,5 орчим хувийг эзэлдэг. Зөвхөн сүүлийн 3 жилийн хугацаанд гадаад оюутнуудын тоо нь 64 хувиар өссөн гээд л бодчих. Магистрын болон түүнээс дээш зэргийн сургалтууд нь англи хэл дээр явагддаг. Томоохон компаниуд нь ч гэсэн англи хэлээр ажлаа явуулдаг. Нэг онцлог бол Шведэд маш нарийн мэргэжлийн мэргэжлүүдийг эзэмшүүлдэг. Тиймээс магистр, докторын зэрэгт суралцах гэж байгаа бол ажлын туршлага их чухал үүрэгтэй. Бүх их, дээд сургуулиуд нь улсын мэдэлд байдаг. Гадаад оюутнуудад үнэ төлбөргүй. Гэхдээ мөн л байр, хоолны зардлаа өөрөө гаргах учиртай. Хамгийн анхны бөгөөд нэр хүндтэй том сургууль болох Уппсалагийн их сургууль нь 1477 онд байгуулагдсан. Одоо 8 их сургуультай. Эдгээр сургуулиуд нь бүх том хотууддаа байрладаг, төвлөрлөө нэлээд задалсан учраас аль ч хотод нь сурах боломжтой.

ФИНЛЯНД
Их сургуулиудын зэрэгцээ политехникийн сургуулиуд сургалт явуулдгаараа онцлог. Технологи, харилцаа холбоо, тээврийн чиглэлээр маш сайн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Үүний дараа социологи, удирдлага, захиргааны чиглэлийн мэргэжилтнүүд, харин 3-рт нийгмийн үйлчилгээний чиглэлийн буюу эрүүл мэнд, үйлчилгээний ажилтнуудыг сайн бэлтгэдэгээрээ алдартай.
Их сургуулиуд нь улсын мэдлийнх бөгөөд улсаас санхүүжилт авдаг. Нийт 20 орчим их сургууль, 30 орчим дээд сургууль, хүрээлэнгүүдээс бүрддэг. Хельсинкийн их сургууль нь 1640 онд Туркт байгуулагдсан боловч 1828 онд Финляндад ирсэн. Финлянд болон Швед хэл дээр хичээл нь ордог. Мөн англи болон герман хэл дээр ордог хөтөлбөрүүд бас бий. Эдгээр нь сургууль тус бүрээр ялгаатай байдаг. Тиймээс сонирхож буй хүн өөрөө маш сайн хайж судлах шаардлагатай. Боловсрол нь одоогоор үнэ төлбөргүй байгаа ч 2007 оны 8-р сараас эхлэн төлбөртэй болохоор яригдаж байгаа. Төлбөр нь жилд ойролцоогоор 3.5-12 мянга орчим евро болно гэсэн тооцоо бий.

Скандинавын орнуудын боловсролын талаар товч танилцуулахад ийм байна. Дараагийн дугаараасаа эхлэн эдгээр орнуудад суралцахад хэдий хэмжээний зардал гардаг, тэтгэлэгээр суралцах боломжууд юу байна, сургуульдаа тэнцэхэд ямар материалуудыг бүрдүүлдэг, ямар шаардлагууд тавигддаг зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бэлтгэж байна.
Эдгээр орнууд бол нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, амьдралын түвшнээрээ дэлхийд 1-рт жагсаж байгаа гэдгийг та дуулсан биз ээ. Суралцах зүйл ч маш их бий. Олон жилийн туршид бүрэлдэн тогтсон сайн боловсролтой ч гэсэн үүнийгээ тэгж их сурталчилдаггүй учраас хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Гэхдээ сүүлийн үед үүдээ цэлийтэл нээж, гадаад оюутнуудыг сургах талаар ажиллаж байгаа. Тийм ч учраас энэ орнуудад үнэ төлбөргүй, үгүй ядаж хямд өртгөөр суралцах боломжийн талаар бид мэдээлэл бэлтгэж эхэллээ.

Танд хэрэгтэй хаягууд:
Дани – www.nokut.no
Швед – www.si.se
Финлянд – www.minedu.fi
Норвег – www.nokut.no

0 сэтгэгдэл: